Урлагт хайртай бүх хүнд зориулав
2012-06-08
УХААРАЛ


Ээж минь надаас нэг удаа “Хүний биений хамгийн чухал хэсэг юу вэ?” гэж асуусан юм. Энэ асуултын зөв хариултыг би олон жилийн дараа олж билээ.  Ээжийгээ энэ асуултыг анх удаа асуухад нь би  “Чих” гэж хариулсан. Учир нь бид бие биенийгээ сонсч ойлголцдог шүү дээ. Гэтэл ээж  “Үгүй дээ үр минь, энэ дэлхий дээр олон дүлий хүмүүс бий. Чи энэ асуултынхаа хариултыг сайн бодож байгаарай. Би дахиад асууна” гэв.  Хэдэн жилийн дараа ээж маань дахин энэ асуултаа надаас асуулаа. Би нилээд нухацтай бодсоны эцэст хорвоогийн хамгийн сайхан бүхнийг, хайртай хүмүүсээ харж явах хэрэгтэй учраас хүний биеийн хамгийн чухал хэсгийг “Нүд” гэж хариулсан.  Ээж минь над руу инээмсэглээд, “Хүү минь чиний зөв, гэхдээ яг зөв хариулт нь биш байна. Энэ дэлхий дээр хараагүй хүмүүс олон бий шүү дээ. Дахиад сайн бодоорой” гэв. Ингээд дахин хэдэн жилийн дараа би өөрийгөө ухаан сууж, нэлээдгүй мэдлэгтэй болсон гэж бодсоны эцэст ээжээсээ өнөөх асуултаа дахин асуухыг хүсэв. Гэтэл ээж минь “Цаг нь болоогүй. Гэхдээ миний хүү жил өнгөрөх тусам л ухаантай болж байна шүү гэв...

Харин дараа жил нь миний өвөө насан эцэслэж, бидэнд маш хүнд үе тохиолдсон юм.  Хүн бүр л шаналан уйлж байсны дээр аавд минь бүр их хүнд байлаа. Өвөөтэй салах ёс гүйцэтгэсний дараа ээж минь над руу хараад “Хүү минь чи хүний биеийн хамгийн чухал хэсгийг мэддэг болсон уу?” гэж асуув. Энэ зөвхөн ээж бид хоёрын дундахь хөгжилтэй асуулт гэж боддог байсан би ээж рүүгээ гайхан харвал “Хүү минь энэ асуултны зөв хариулт чамайг жинхэнэ хүн шиг амьдрахад тус болно. Энэ маш чухал асуулт юм шүү” гэж нухацтай хэлэв. Тэгээд зөвхөн ээж хүн л харж чадах тийм л энхрий харцаар намайг ширтээд “Хонгор үр минь, хүний биеийн хамгийн чухал хэсэг бол мөр юм шүү дээ” гэв. Энэ үед ээжийн нүд нулимсаар бүрхэхийг би анзаарлаа. Би маш их гайхаж, “Яагаад тэр вэ? Толгойн тулгуур болохоор тэр үү?” гэж өөрийн мэдэлгүй ухаангүй асуулт асуучихав. Ээж маань “Үгүй дээ, хайртай хүмүүсээ хэцүү үед нь мөрөндөө нааж аргаддаг болохоор хүний мөр чухал хэсэг нь болдог юм. Хүн бүрт л хэн нэгний мөр хэрэг болох тийм хүнд үе тохиолддог юм. Хэн нэгэн мөрийг чинь түшин уйлахад түүнийг аргадах сэтгэлийн тэнхээ, агуу их хайр дүүрэн байгаарай миний хүү ” гэсэн юм. Тиймээ миний биеийн хамгийн чухал хэсэг, миний мөр билээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax